Номын Бяцхан Тэмдэглэл #27
Үүнийг уншин суугаа танд зориулав.
Номын нэр: Кофе хөрөхөөс өмнө
Зохиолч: Кавагүчи Тошиказү
Он: 2022 (2015)
Нүүрний тоо: 232
Шинэ жилийн бэлгэнд thh,-ээс “Кофе хөрөхөөс өмнө” гэдэг Кавагүчи Тошиказү гэх Япон зохиолчийн номыг авсан юм (Гоё ном бэлэглэсэнд баярлалаа!). Ойрд роман уншаагүй учир мааш сайхан, тайвширсан мэдрэмж мэдэрлээ. Кавагүчи Тошиказү нь жүжгийн зохиолч бөгөөд “Кофе хөрөхөөс өмнө” түүний анхны роман хэдий ч муугүй амжилтыг дагуулжээ. Тухайлбал, Сүгинами олон улсын драмын 10-р наадмын шилдгийн шилдгээр тодорсон төдийгүй, 2018 онд энэхүү романаас сэдэвлэж бүтсэн “Фүникүри Фүникура кафе” кино хүртэл гарчээ.
Зохиолын үйл явдал ердөө л нэгэн кафед хөвөрнө. Токиод байрлах уг кафе 19-р зуунд нээгдсэн бөгөөд хачирхалтай нь бараг л анх нээгдсэн тэр янзаараа, тавилга сэлт нь барагтай өөрчлөгдөөгүй, дээр үеийнхээрээ ажээ. Тоотой хэдхэн үйлчлүүлэгчийн хөлд дарагдах кафе нэгэн ид шидтэй. Тэр нь цаг хугацаагаар аялуулах юм санж. Гэсэн хэдий ч баримтлах хэд хэдэн хатуу дүрэмтэй тул өнгөрсөн рүү буцах, ирээдүй рүү аялах сонирхолтой хүний урам хугарна. Хамгийн ярвигтай эсвэл амар ч гэмээр дүрэм бол хүн хаашаа ч явсан одоо цаг өөрчлөгдөхгүй. Мөн кофе хөрөхөөс өмнө л буцаж ирэхгүй бол тэндээ үүрд гацна. Гэх мэтчилэн дүрмүүдийг ягштал баримтлах хэцүү учир кафег зорин ирэх хүмүүс цөөн. Уг дүрмийг баримтлаагүйгээсээ болж “сүнс” болсон нэгэн хүртэл кафед байх аж. Зохиол дөрвөн бүлэгтэй бөгөөд бүлэг бүрт аль нэг дүр нь өнгөрсөн, ирээдүй рүү аялах бөлгөө.
Зохиолыг уншиж суухуйд одоо цаг гэдэг ямар үнэ цэнтэй, хүчтэй гэдгийг л хамгийн ихээр ойлгож байсан даа. “Хэзээ ч үхэж магадгүй, тиймээс одоо л хайрла” гэдэг үг одоо бол хэн бүхэнд улиг болсон үг мэт байдаг буй заа. Гэтэл үнэндээ маш үнэн үг шүү дээ. Тиймээс “Кофе хөрөхөөс өмнө” зохиолын нэг л гол санааг хэл гэвээс одоо цагийг хайрлах тухай юм. Хожим нь харамсахгүйн тулд үгээ залгилгүй хэлэх, үйлдлээ цааргалалгүй үйлдэх!
Орчуулгын зохиол байснаас ч болсон уу, нэг их уран дүрслэл, элдэв чимэглэлгүй байсан учир монголынхоо сайхан зохиолуудыг унших хүсэл мөн төрсөн сөн. Гэхдээ л удаан хугацаанд амсаагүй байсан, зөвхөн романаас л мэдэрч болдог тийм нэгэн мэдрэмжийг ахин авч чадсандаа баяртай байна аа.
Зохиолыг нь уншчихаад, үүнээс сэдэвлэсэн киног нь үзтэл зохиолыг нэлээд өөрчилсөн байсан. Киноны хувьд тийм ч сайн, гоё байгаагүй ч ямар ч зүйлээс нэг юм заавал ойлгож, мэдэрдгийн жишгээр мэдээж сайхан мэдрэмж төрсөн.
2024 оны өвлийн адаг сарын шинийн 17.