Хүүхдийн Ном Уншлаа #1

Toomanykiwis
3 min readAug 27, 2023

--

Шинэ буланд маань тавтай морилно уу!

Дэлхий, Нарны аймаг, гараг ертөнц гээд л биднээс хэд дахин том бөгөөд “хөгшин” оршихуйн хажууд хүмүүн гэдэг цөм бяцхан хүүхэд. Тийм ч учраас би хүн болгоныг хүүхэд л гэж хардаг. Бидний хэн нь ч амьдралын утга учрыг мэдэхгүй, хорвоо дэлхийн нууцыг мэдэхгүй. Лав энэ яваа насандаа тайлж чадахгүй. Судалж, суралцсан ч уг гүнийг нь “ухаж” чадахгүй шүү дээ.

Мөн, хүүхэд байна гэдэг тув тунгалаг гол мөрөн мэт. Том болох тусмаа гэрлээ гээсээр эцэст нь хав хар болчих нь ч бий. Гагцхүү тийм “хар хүн” болчихгүйн тулд би цайлган, хүүхдээрээ байхыг л эрхэм болгодог. Өнөө цагт “цайлган зан хэрэггүй, хүнд ашиглуулаад л дуусна” гэлцдэг ч ертөнцийн хууль өнө мөнхөд үйлчилдэг гэдэгт би итгэдэг. Тэр хууль бол үйлийн үрийн хууль юм шүү дээ. Шашны агуулгаар бус, ерөөс хүн ямар эрчим энерги өөрөөсөө гаргана, түүнийгээ л татна. Инээмсэглэн яваа нэгнийг хараад өөрийн эрхгүй дагаад инээмсэглэдэг шүү дээ. Тийм л зүйл юм. Иймээс би бээр “үүрд хүүхдээрээ” байхын тулд хүүхдийн ном уншиж, цуглуулж эхлэхээр шийдсэн болой (Хүүхэдтэй болсон ч хэрэг болно, ккк).

Булангийн маань хамгийн эхний ном бол Тагтаа паблишингийн эрхлэн гаргасан, Канеко Мисүзүгийн “Цуурай юм уу, чи?” юм. Эл ном шүлэг болоод түүний тайлбараас бүтсэн ном юм. 26-хан насалсан яруу найрагч Канеко хүүхдийн шүлэг л бичдэг байсан бөгөөд маш хүнд хэцүү амьдралыг туулсан ч амьдрал сайхан гэдэгт үхэн үхтлээ итгэсэн нь бүх шүлгээс нь мэдрэгддэг. Байгальтай ойр, загасчдын сууринд өссөн болохоор ч тэр үү, байгаль дэлхий, ан амьтныг хайрлан энэрсэн, өрөвдөн гашуудсан шүлгүүдтэй. Бүх шүлэг нь байгальтай холбоотой гэхэд хилсдэхгүй. Ийм ч учраас надад сэтгэлд ойр, ихэд таалагдсан. Байгальтайгаа юу юунаас илүү ойр Монгол хүн шүү дээ, би чинь.

“Цуурай юм уу, чи?” бол хүүхдэдээ уншиж өгөнгөө өөрөө ч уншиж бясалгахаар ном. Амьгүй зүйлийг ч хүншүүлж, хайрлах Канекогийн шүлгүүд ертөнцийг шидэт нүдний шилээр харахад тусална. Гэрэл гэгээгээс гадна хүмүүний амьдралын гашууныг ч хүүхдийн шүлгээр илэрхийлж болохыг түүний шүлгүүд харуулжээ. Хүүхэд учрыг нь мэдэхгүй атлаа л энергиэр бүхнийг ойлгодог шиг санагддаг. Тиймээс хүүхдэдээ амьдралын ээдрээг ийнхүү шүлгээр ойлгуулж бас болох.

БҮГДЭД НЬ ДУРТАЙ БАЙХ САН…

Бүхий л юмст дуртай байх сан.

Ээжийн минь гараа гаргаж хийсэн

Энэ хоолонд орсон

Бөөрөнхий сонгино, улаан лооль, загас

Бүх юманд дуртай байх сан.

Бүгдэд нь дуртай байх сан.

Эмч нарт ч, хэрээнүүдэд ч

Ижилхэн бүгдэд дуртай байх сан.

Бурханы бүтээсэн

Бүх юмст, бүхий л амьст.

ТОМ АН

Нар мандахад, сүр жавхлантайяа мандахад

“Ганзага дүүрэн шүү” гэсээр

Манай загасчид ирлээ.

Май загасыг тор тороор нь барьжээ.

Эрэг дээр олз омгоо баяр болгоно.

Энүүхэн далайн ёроолд гэвч

Арван түмэн ах дүүсээ үдэх

Аймшигт оршуулгын ёслол болж буй.

Тагтаа нартаа баярлалаа 🤍

Хүн бүр хүүхэд шиг тийм цав цагаахан, бүхнийг хайрласан сэтгэлтэй бол манай Дэлхий хэчнээн сайхан газар болох бол доо… Хүүхдийн ном уншиж хиртэж харласан сэтгэлээ өчүүхэн ч болтугай цайруулаасай гэсэндээ энэхүү буланг эхлүүлж, хүүхдийн ном уншихыг уриалж байна! Тэмдэглэлийг минь ганцхан хүн уншсан ч бай, хамаагүй, нэг ч гэсэн хүнд сайнаар нөлөөлж байвал амьдралын маань зорилго биелж буй нь тэр ээ.

Номыг хаанаас авч болох вэ?

Намрын тэргүүн сарын шинийн 11.

--

--

No responses yet